2006 онд ECAPS буюу European Committee for Au Pair Standards /Европын Au Pair стандартын хороо/ байгуулагдснаар au pair-ийг соёл, хэлний солилцоонд суурилсан боловсролын туршлага бүхий хөтөлбөр болгон илүү өргөжүүлсэн.

Европын орнууд au pair хөтөлбөрийг өөр өөрөөр тайлбарлаж, зарим улсад au pair-ийг ажилчин мэт үзэх, заримд нь огт зохицуулалтгүй орхих хандлага түгээмэл байсантай холбоотойгоор энэхүү байгууллага үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Тус хороо au pair гэж хэн бэ, тэд ямар насны, ямар зорилготой байх ёстой вэ, хүлээн авагч гэр бүлийн хариуцлага юу вэ, долоо хоногийн ажил, амралт, хэлний сургалтын тэнцвэр ямар байх ёстой вэ зэрэг олон чухал асуудлыг стандартчилж, тодорхой баримт бичигт тусгаж байсан. Эдгээр стандартын дагуу au pair нь гэр бүлийн нэгэн гишүүн мэт амьдарч, тухайн улсын хэл, соёлыг суралцах боломж авах ёстой бөгөөд харин гэр бүл нь түүнийг хямд ажиллах хүч бус, соёлын солилцоонд оролцогч залуу хүн гэдгээр хүлээн зөвшөөрч эхэлсэн.

Сонирхолтой нь ECAPS нь хууль тогтоох байгууллага биш гэхдээ Европын Комисс, Европын Зөвлөл болон үндэсний засгийн газруудтай хамтран ажиллаж, au pair-ийн талаар бодлого боловсруулах үед зөвлөх, чиглүүлэгч үүрэг гүйцэтгэдэг. Мөн ECAPS-ийн хүрээнд Европын олон орны au pair холбоо, агентлагууд хамтран туршлага солилцож, нэгээс нөгөөд нь илүү боловсронгуйгаар нутагшуулах нөхцлийг бүрдүүлдэг.

Үндсэндээ, ECAPS нь 20-р зуунд үүссэн Au Pair хөтөлбөрийг өнөөдөрт илүү боловсронгүй, хоёр талын харилцан ашигтай, оролцогчдын аюулгүй байдалд анхаарал тавьж, олон улсад үйл ажиллагааг нь тэлсээр байна.