Түүхэн баримтаас үзвэл, 1969–1971 оны хооронд Европын 6 улс Au Pair Agreement-д анх нэгдэн орсноор энэхүү хөтөлбөрийн суурийг тавьжээ. Тухайлбал 1969 онд Бельги, Итали улсууд хамгийн түрүүнд гарын үсэг зурж, удалгүй Франц, Швейцарь, Дани, Норвеги зэрэг улсууд энэхүү хэлэлцээрт нэгдсэн байна. Эдгээр улсууд Au Pair хөтөлбөрийг албан ёсоор соёлын солилцооны хэлбэр гэж хүлээн зөвшөөрсөн “Европын анхны орнууд” болж түүхэнд үлдсэн юм.
Анхны улсуудын нийтлэг онцлог нь Au Pair-ийн хөдөлмөрийн цагийг хязгаарлах, амралтын өдөртэй байх, хувийн өрөө, халаасны мөнгө олгох, хэлний сургалтад хамрагдах боломжийг хангах зэрэг зарчмуудыг үндэсний хууль тогтоомждоо тусгасан явдал байв. Ингэснээр Au Pair хөтөлбөр нь жирийн ажил эрхлэлт бус, харин залуусын боловсрол, соёлын хөгжлийг дэмжсэн тусгай хөтөлбөр гэдгийг Европ даяар хүлээн зөвшөөрөх эхлэл тавигдсан юм.
1969–1971 оны хооронд дараалан нэгдсэн анхны 6 улс.
Бельги – 1969 оны 11 дүгээр сарын 24
Итали – 1969 оны 11 дүгээр сарын 24
Швейцарь – 1970 оны 3 дугаар сарын 18
Франц – 1970 оны 6 дугаар сарын 3
Дани – 1971 оны 4 дүгээр сарын 29
Норвеги – 1971 оны 4 дүгээр сарын 29
Дараагийн жилүүдэд буюу 1970–1980-аад оноос эхлэн Европын бусад олон улс энэхүү хэлэлцээрт нэгдэж, Au Pair хөтөлбөр тив даяар түгээн дэлгэрсэн. Зарим улс Au Pair Agreement-д албан ёсоор гарын үсэг зураагүй ч түүний үндсэн зарчмуудыг хууль, журамдаа шингээж хэрэгжүүлэх болсон нь Европыг өнөөдөр Au Pair хөтөлбөр хамгийн тогтвортой, аюулгүйгээр хэрэгждэг орон болгон өөрчилжээ.
1970-аад оны дунд үеэс Баруун Европын хэд хэдэн улс Au Pair Agreement-д нэгдсэн нь хөтөлбөрийг бүс нутгийн хэмжээнд өргөжиж байгаөагийн илрэл байв. Тухайн үед Нидерланд, Люксембург зэрэг улс Au Pair-ийн зохицуулалтыг үндэсний хууль тогтоомждоо тусган, залуусын хөдөлмөрийн цаг, амьдрах нөхцөл, соёлын солилцооны зорилгыг тодорхой болгожээ. Эдгээр орнууд Au Pair-ийг богино хугацааны ажил эрхлэлт бус, харин боловсрол, хүмүүнлэгийн шинжтэй солилцоо гэж үзэх Европын нийтлэг ойлголтыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.
1980-аад онд Испани, Португал зэрэг улс залуусын олон улсын солилцоог дэмжихээр нэгдсэн. Харин Зүүн Европын орнуудын хувьд 1990-ээд оноос, ялангуяа социалист тогтолцоо задран унасны дараа Au Pair хөтөлбөрт нэгдэх, эсвэл түүний зарчмуудыг үндэсний бодлогодоо тусгах үйл явц эрчимжсэн. Чех, Унгар зэрэг орнууд залуусын гадаад оронд суралцах, соёлын солилцоонд оролцох боломжийг өргөжүүлэх зорилгоор Au Pair-ийн тогтолцоог нэвтрүүлсэн. Гэвч зарим нь хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зураагүй ч түүний үндсэн зарчмыг дагах замыг сонгосон байдаг.
Цаг хугацааны явцад Европын зарим улс Au Pair Agreement-д нэгдсэн хэвээр үлдсэн бол зарим нь гэрээнээс гарсан, эсвэл үндэсний хууль тогтоомжийн хүрээнд Au Pair хөтөлбөрийг өөрийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх болсон. Гэсэн ч Европын ихэнх оронд Au Pair-ийн эрх, үүргийг хамгаалах суурь ойлголт нь 1969 оны хэлэлцээрийн зарчмуудад тулгуурласан хэвээр байгаа юм.

