Хилийн цаана орших харийн нутгийн салхинаас эхлээд бүхий л зүйл нь шинэхнээр мэдрэгдэж, догдлох нь дамжиггүй.
Юун түрүүнд өөрийгөө ийн их шинэчлэн, сорьж байгаа чамд баяр хүргэе. Өөрийгөө бусдаас онцгойруулан цоо шинэ алхам хийж байгаагаар нь ч бахархаж байна. Юу гэх гээд байна вэ гэхээр энэхүү нийтлэл чамд “тэврэлт” шиг санагдаасай гэсэндээ л хэдэн үг холбож сууна.
Саяхан л ээжийнхээ хийсэн халуун хоолыг амтархан идэж байсан чамд өнөөдөр бүх зүйл өөр санагдаж байгаа байх. Өдөр, шөнө ээлжилдэг шиг заримдаа тогтуухан тайван, заримдаа адгаж, ядарсан өдөр хоногууд өнгөрч байгаа гэж таамаглаж байна. Тэр болгонд өнөөдөрт хүрсэн “өөрөөрөө” жаахан ч гэсэн бахархаж, баярлаж, хайрлаж, энэрээрэй. Энэ хүртэл чи хамгаас сайн байсаар ирсэн шүү.
Сэтгэл хөндүүр өвдсөн үед хүний нутгийн мод хийгээд цэцэгс хүртэл ундуй, сундуй санагдаж, цаанаа л нэг гунигийн өвдөлт мэдрүүлж байж мэднэ. Гэхдээ тиймхэн өдрүүд ихэд цөөхөн шүү. Хэт авталгүйгээр хүлээн зөвшөөрөөд, өөрийгөө л ихэд энэрч хайрлаарай. Цаашдын амьдралаа хэрхэх эсэхээ бодож, төлөвлөж, тэр бүгддээ догдолж байгаарай.
Чамайг чиний бодсноос илүү их гоё амьдрал хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй шүү.
Чамайг холын хол ихийг хийж, бүтээж, өөрийгөө сонсож, ойлгож байх үед чинь эх орны чинь цэнхэр тэнгэр цэлмэсээр, алтан наран мандсаар, уул ус нь байрандаа заларсаар өнөөх л нэг амгалан өдөр хоногууд өнгөрч байгаа. Яг л энэ хэвээрээ цаашдаа мянган жил байх учир хэзээд ч эх орондоо ирсэн өнөөх л сайхан тэнгэрт шаргал наран мандсаар бас жаргасаар л байх болно.
Тиймээс хүний нутгийн тэнгэр дор зөвхөн шинэ сайхныг мэдэрч, анзаарч хайрласаар байгаарай. Бас өөртөө хайртай байж, өөрийгөө хайрласаар, тордсоор дэндүү сайн нэгэн байгаарай. Эргээд ирэхэд энэ л эх орон чинь хэвээр байх учраас улиран өнгөрөх өдөр хоногуудад “өнөөдрөөрөө” л амьдраарай. Эргээд дурсахад, дэндүү богинохон хийгээд, дэндүү урт санагдах нэг жил өнгөрнө гэдэгт итгэлтэй байна …
Хэдэн мянган бээрийн цаана, амьдрах чамд, эх орных нь алтан хөрсөн дээр ажин, түжин ажиллаж байгаа Mongolian Au Pair-ын хамт олноос нь зориулав.

