XIX зууны сүүл үеэс XX зууны эхэн үед Баруун Европын оронд Au Pair хөтөлбөрийн анхны хувилбар тавигдсан түүхтэй. Энэхүү хөтөлбөрийн үүсэл хөгжилд Европын орнуудын нийгэм, соёлын солилцооны түүх нягт уялдаатай юм. “Au pair” гэх нэр томьёо нь франц хэлний au pair буюу “адил тэгш” гэсэн утгаас гаралтай бөгөөд энэ нь уг тогтолцооны үндсэн үзэл санаа болох соёлын солилцоо, талуудын ашигтай харилцааг илэрхийлдэг.

Тухайн үед Европын дундаж болон чинээлэг давхаргын гэр бүлүүд хүүхдүүддээ гадаад хэл заалгах, өөр улсуудын соёлыг таниулах зорилгоор өөр улсын залуусыг гэртээ байлгах хандлага түгээмэл байсан. Ийнхүү залуус тухайн гэр бүлд амьдарч, хүүхэд асрах, өдөр тутмын хөнгөн ажилд оролцохын зэрэгцээ тухайн орны хэл, соёлд суралцдаг байжээ. Энэ нь зөвхөн ажил хийнэ гэхээс илүүтэйгээр боловсрол, соёлын солилцоонд чиглэж байв.

Дэлхийн хоёрдугаар дайны дараах үед Европын орнуудын хооронд хамтын ажиллагаа эрчимжиж, залуучуудын хөдөлгөөн, боловсролын солилцооны хэлбэрүүд өргөжсөнтэй холбоотойгоор au pair хөтөлбөрийн зохицуулалт шинэчлэгдсэн гэхэд болно. Шинэчлэлт хийгдэхээс өмнө залуусыг гэрийн ажилтны хэлбэрээр хэт их ажиллуулах, эсвэл тэдний боловсролыг умартах зэрэг асуудал гарч эхэлсэн. 1969 онд Европын Зөвлөлөөс “Au pair–ийн тухай Европын хэлэлцээр”-ийг баталсан нь уг хөтөлбөрийг олон улсын түвшинд албан ёсоор тодорхойлсон анхны чухал баримт бичиг болсон түүхтэй.

Уг хэлэлцээрээр au pair оролцогчийг үндсэндээ хөдөлмөр эрхлэгч бус, харин соёлын солилцоонд оролцогч хэмээн тодорхойлж, ажлын цагийн дээд хязгаар, амралтын хугацаа, мөнгөн тэтгэмжийн доод хэмжээ, хэлний сургалтад хамрагдах боломж зэрэг суурь зарчмуудыг тогтоосон байдаг.

Мөн au pair хүлээн авагч гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зааснаар талуудын эрх, үүргийн тэнцвэрийг хангахыг зорьжээ. Эдгээр зохицуулалт нь au pair хөтөлбөрийг соёлын солилцооны шинж чанараа алдалгүйгээр тогтвортой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэж болно.